Анкет

Анкет

Saturday, December 12, 2009

ХАШИР ЭЦГИЙН ГАРТ ЗУРАГТЫНХ НЬ УДИРДЛАГА ТАС АТГААСТАЙ БАЙХАД …





Нэг үеэ бодоход манайд хэвлэлийн шинэ дэвшилт технологи нэвтэрч, ялангуяа мэдээллийн зах зээлд янз бүрийн сэтгүүл хүч түрэн орж ирж байна. Өнгө зүс, дизайн, цаасны чанарын хувьд үнэндээ ярих юм алга.
Гэвч энэ чамин өнгөний цаана тун тааруухан нийтлэлийн бодлогоо өнгөлөн далдалсан хууль бус ажиллагаа заримаас нь нэвт үнэртэх юм. Чухамдаа нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг.

Уг нь өвчтөний сэдэрсэн мухар олгойг авахад мэс заслын эмчээс өөр хэнбугай ч гар хүрч болохгүй нь ойлгомжтой. Гэтэл сонин сэтгүүлийг болохоор хэн дуртай нь тэрлэж, 90-ээд оноос эхлэн манай нийгэмд тарьсан хог новшийг тоочиж баршгүй. Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан сэтгүүлчдэд бол мэргэжлийн наад захын ёс зүй байдгийг үгүйсгэхгүй ээ. Харин лангууны хэвлэлээр бизнес хийсэн гутлын ченжид ч юмуу, алтны уурхайн эзэнд бол мөнгө цагаан нүд улаан байдаг бололтой.

Дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан цөөнгүй бизнесмен сонин зарах ажлаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байдаг л даа. Тухайлбал Өмнөд Солонгосын хүчирхэг “Дэү” корпорацийг үндэслэгч, “Хорвоо дэлхий уужим, хийх ажил их” ном нь бестселлер болсон Ким Ү Жинийг нэрлэж болно. Сонин сэтгүүлийн борлуулалтад айл гэрийн ширээн дээр бүтэн долоо хоногийн турш байдаг телевизийн программ ихээхэн жин дардаг. Иймээс энэ төрлийн сонин сэтгүүлийн тоо нэмэгдэх төлөвтэй. Гэхдээ мэргэжлийн түвшинд бус, дан ганц ашгийн хойноос улайрснаас элдэв эротик өгүүллэг, порно фото, бусдын бүтээлийг нэр хаяггүй хулгайлан зай талбайгаа дүүргэж байгаа нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг шууд яргалж буй хэрэг.

Садар самуунтай тэмцэх тухай хуульд эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг аймаг, нийслэлийн Засаг даргаас тогтоосон тусгай цэгт худалдахыг албан ёсоор зааж, харин албан байгууллага, гудамж талбай, хүнс, барааны зах, худалдаа, үзвэр үйлчилгээний газарт болон гар дээрээс худалдахыг тас хориглосон байдаг юм. Тэр дундаа 18 насанд хүрээгүй хүүхдээр худалдуулах, 18 насанд хүрээгүй хүнд худалдах нь бүр ч цээртэй.

No comments:

Post a Comment